Өмчлөлийн янз бүрийн хэлбэртэй аж ахуйн нэгж, компанийн удирдлага нь дотоод асуудлаа шийдвэрлэх зорилгоор эрх зүйн шинжтэй тушаал, заавар, дүрэм, журам батлан гаргаж байгууллагынхаа хэмжээнд мөрдүүлдэг.
Уг актыг хууль зүйн шинжлэх ухаанд локал (localis- хүрээн доторх гэсэн латин гаралтай үг ) акт гэж нэрлэдэг бөгөөд тухайн байгууллагынхаа хэмжээнд үйлчилдэг хэм хэмжээ юм. Үүнийг олон улсад корпаритив эрх зүй (Corporate and organizational by laws) буюу “байгууллагын дотоод эрх зүй” гэж нэрлэдэг.
Корпоратив эрх зүй нь зөвхөн тухайн байгууллагын дотоодод үйлчлэх, үйл ажиллагаагаа үр дүнтэй зохион байгуулахад шаардлагатай “технологи“ буюу зан үйлийн дэг горимыг тогтоосон эрх зүйн баримт бичиг юм.
Өөрөөр хэлбэл ажил олгогч болон ажилтны хууль тогтоомж, эрх зүйн актаар хүлээсэн эрх, үүрэг, компанийн удирдлага, явуулж байгаа буй үйл ажиллагаа, хөрөнгө санхүү, хүний нөөц зэрэг олон талын харилцаа бүрийг системчлэн кодлож журамлан бичсэн эрх зүйн баримт бичгийг “бизнесийн бодлого үйл ажиллагааны журам буюу Standard operating procedure” гэж олон улсад нэрлэдэг.